
Уудам Монгол сургууль дунд хугацааны «UUDAM MONGOL 3.0» стратеги төлөвлөгөөнийхөө хүрээнд Хөтөлбөр, Орчин, Хүний нөөцийн олон шинэчлэлийг эхлүүлээд байна.
Үүний нэг нь өдөр тутмын амьдралд шаардлагатай найман чиглэлийн мэдлэгийг олгох зорилготой «Амьдралын боловсрол» хөтөлбөр юм.
Найман чиглэлтэй энэхүү хөтөлбөрийн онцлог нь хүүхэд нас, түвшиндээ тохирсон агуулгаар өдөр тутмын амьдралд хэрэгтэй мэдлэгээ бодит сонголт, дадал, чадвар болгон хөгжүүлэхэд оршино.
Өөрийгөө ойлгодог, бусадтай зөв харилцдаг, бие дааж шийдвэр гаргадаг, хариуцлагатай хүн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэхийг бид зорьж байна.
Дижитал орчны мэдлэг
«Дэлгэц дээр харсан бүхэн үнэн үү?»
Сонирхолтой бичлэг үзэх, хичээлдээ хэрэгтэй мэдээлэл хайх, найзтайгаа зурвасаар харилцах. Цахим орчин хүүхдийн өдөр тутмын амьдралын нэг хэсэг болжээ. Тэндээс юу сурах, ямар мэдээлэлд итгэх, юуг бусадтай хуваалцахаа бодож сонгоход суралцах нь чухал.
Хүүхдүүд нас, түвшиндээ тохирсон агуулгаар мэдээллийн эх сурвалжийг анзаарч, үнэн зөв эсэхийг нягтлах, өөрийн болон бусдын хувийн мэдээлэл, нууц үгийг хамгаалах, цахим орчинд хүндэтгэлтэй харилцаж, зураг, мэдээлэл хуваалцахдаа зөвшөөрлийг нь авах, дэлгэцийн хэрэглээгээ зохицуулж, эргэлзээтэй эсвэл тавгүй санагдсан зүйлтэй таарвал итгэдэг том хүнээс тусламж хүсэхэд суралцана.
Бид хүүхэд мэдээллийг шууд дагахаасаа өмнө нягталдаг, өөрийн болон бусдын хувийн орон зайг хүндэтгэдэг, технологийг суралцах, бүтээхэд ашигладаг, цахим орчинд хариуцлагатай оролцдог хүн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэхийг зорьж байна.
Цахим орчинд хийсэн сонголт ч бодит амьдралд нөлөөлдөг. Гэртээ хүүхэдтэйгээ нэг мэдээллийг хамт нягтлаад үзээрэй: «Үүнийг хэн, хаана нийтэлсэн байна вэ? Үнэн гэдгийг нь яаж шалгах вэ?»



