
Өнөөдөр Уудам Монгол сургуулийн шилжин суралцах хөтөлбөрийн долдугаар ээлжийн сурагчдыг угтах бяцхан ёслол Япон улсын Кочи мужийн Мэйтокү Гижүкү сургуульд зохион байгуулагдлаа.
Ийнхүү сурагчид маань албан ёсоор тус сургуульд элсэн орж, Япон дахь сургуулийн амьдралаа эхлүүлж байна.
Ёслолын үеэр Мэйтокү Гижүкү сургуулийн захирал Сакимото сурагчдад хандан:
“Манай сургуулийн баримталдаг үндсэн гурван зарчим бол оюуны мэдлэг, бие бялдрын мэдлэг, ёс зүйн мэдлэг юм. Өмнөх ээлжийн ах, эгч нар нь энэ сургуулийг нэр хүндтэй төгсөж, өнөөдөр өөр өөрийн сонгосон чиглэлээр Японы их сургуулиудад суралцаж байна. Та бүхэн ч бас тэгж чадна гэдэгт итгэж байна” хэмээн мэндчилгээ дэвшүүллээ.
Шинэ сургууль, шинэ орчинд суралцахаар зорьж ирсэн сурагчдадаа амжилт хүсье. Хичээл зүтгэлтэй байж, олон зүйлийг сурч мэдэн, хүсэл мөрөөдөлдөө хүрээрэй.



