Бидний тухай

Эрхэм хүндэт эцэг эхчүүд, сурагчид, багш ажилтнууд болон Уудам Монгол сургуулийн цахим хуудсанд зочилж буй Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
Хүн бүр хүүхдээ эрүүл энх, аз жаргалтай амьдарч, хүссэн ирээдүйгээ өөрийн хүчээр бүтээх чадвартай хүн болоосой гэж хүсдэг. Харин тэр хүсэлд хүрэх хамгийн бат бөх суурь нь боловсрол гэдэгт би итгэдэг.
Боловсрол гэдэг нь зөвхөн хичээл зааж, шалгалтад бэлтгэхийг хэлэхгүй. Хүүхэд өөрийгөө танин мэдэж, зөв бурууг ялган, бусдыг хүндэтгэж, сонголт, үйлдэлдээ хариуцлага хүлээдэг хүн болон төлөвших үйл явц юм. Энэхүү итгэл үнэмшлээр Уудам Монгол сургуулийг байгуулсан.
Манай сургуулийн үзэл санааны нэг онцлог нь Монгол, Японы боловсрол, хүмүүжлийн давуу чанарыг зөв зохистой хослуулахад оршино. Бид Японы боловсролын орчинд чухалчилдаг хариуцлагатай байдал, тууштай хөдөлмөр, ачааллыг даван туулах чадвар, аливаад нарийн нягт хандах дадлыг сурагчдадаа төлөвшүүлэхийг зорьдог.
Үүний зэрэгцээ монгол хүний түүх, ахуй, амьдралын орчноос төлөвшсөн шинэ нөхцөлд хурдан дасан зохицох чадвар, бүтээлч бөгөөд чөлөөтэй сэтгэх сэтгэлгээ, асуудлыг өргөн хүрээнд харах чадвар, бие даан шийдвэр гаргах чанарыг хөгжүүлэхийг эрхэмлэдэг.
Бид Японы боловсролыг тэр чигээр нь хуулбарлахыг ч, монгол хүүхдийн төрөлх онцлогийг өөрчлөхийг ч зорьдоггүй. Харин монгол хүүхдийн бүтээлч, уужуу сэтгэлгээг сахилга бат, хариуцлагаар баталгаажуулж, өргөн харааг нарийн төлөвлөлттэй, шинэ санааг тууштай хэрэгжүүлэх чадвартай хослуулахыг хүсдэг.
Ингэснээр хүүхэд зөвхөн сайн суралцагч бус, эх орныхоо хэл, түүх, соёлоор бахархдаг, дэлхийн хаана ч суралцаж, ажиллаж, бусадтай эн тэнцүү өрсөлдөх чадвартай иргэн болон төлөвшинө.
Хүүхэд бүрийн авьяас, сонирхол, суралцах хурд, ирээдүйн зорилго өөр. Тиймээс бид хүүхдүүдийг хооронд нь харьцуулах бус, өөрийн давуу талаа олж мэдэн, өчигдрийнхөөсөө илүү болж, мөрөөдөлдөө хүрэх замаа өөрөө бүтээхэд нь дэмжихийг чухалчилдаг.
Сайн сургууль бол зөвхөн захирал, багш нарын бүтээл биш. Сурагч, эцэг эх, багш, ажилтан нэг зорилгын төлөө ойлголцож, үүрэг хариуцлагаа хамтдаа хүлээсэн нэгдмэл орчин юм. Энэхүү хамтын ажиллагааны төвд хүүхдийн эрх ашиг, аюулгүй байдал, хөгжил төлөвшил үргэлж байх ёстой.
Бид боловсролоор дамжуулан хүүхэд бүрийн мөрөөдлийг биелүүлж, эрдэм мэдлэгээр дамжуулан эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах иргэдийг төлөвшүүлэхийн төлөө тууштай ажиллах болно.
Таны хүүхдийн мөрөөдөл юу вэ?
Тэр мөрөөдлийг олж харах, хамгаалах, бодит амьдралд хэрэгжүүлэх замыг Уудам Монгол сургуулийн хамт олон Та бүхэнтэй хамтдаа бүтээнэ.