Бидний тухай

UUDAM MONGOL SCHOOL 3.0

Уудам Монгол сургуулийн 2026–2031 оны хөгжлийн стратеги төлөвлөгөө.

Хөгжлийн стратеги

Дараагийн шатны хөгжлөө тохиолдлын байдлаар бус, төлөвлөлттэйгээр

Уудам Монгол сургууль ирэх 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр зорьж буй хөгжлийн стратеги төлөвлөгөөндөө нийт 39 зорилтот ажил багтаасан. Сургуулийн хөгжлийн чиглэл, зорилт, төлөвлөгөөгөө өнгөрсөн хавар нийт сурагчдын эцэг эх, асран хамгаалагчдад нээлттэйгээр танилцуулсан бөгөөд зуны хугацаанд албан ёсны хуудсаараа дамжуулан цувралаар хүргэсэн болно.

Доор эдгээрээс олон нийтэд нээлттэй танилцуулж буй 26 стратеги зорилтыг гурван чиглэлээр хүргэж байна.

ХӨТӨЛБӨР

Сургалтын агуулга, чанар, үр дүнг хэмжигдэхүйц тогтолцоонд шилжүүлэх.

ОРЧИН

Хүүхдийн өдөр тутам байдаг орчны чанарыг үе шаттай сайжруулах.

ХҮНИЙ НӨӨЦ

Багш, ажилтны мэргэжлийн хөгжилд тогтвортой хөрөнгө оруулах.

Боловсролын байгууллагын тулгын гурван чулуу — эдгээр чиглэлд томоохон шинэчлэлүүдийг хийхээр төлөвлөж байна.

Хичээлдээ бэлдэж буй сурагч

Хөтөлбөр

Сургалтын хөтөлбөрийн шинэчлэл

Сургуулийн үйл ажиллагааны үндсэн цөм нь сургалтын хөтөлбөр байдаг.

Манай сургууль үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын үндэсний цөм хөтөлбөрийг өөрийн сургалтын орчин, нөөц боломжид нийцүүлэн баяжуулж хэрэгжүүлэхийн зэрэгцээ Япон хэлний төрөлжсөн сургалтыг тогтвортой хөгжүүлж ирсэн билээ. Энэхүү суурин дээр тулгуурлан бид дараагийн шатны хөгжил буюу сургалтын чанарын шинэ түвшинд шилжих зорилгоор хөтөлбөрийн шинэчлэлийг эхлүүлж байна.

Шинэчлэлийн хүрээнд өнөөгийн нөхцөлд хамгийн их шаардлагатай байгаа гадаад хэлний сургалтыг илүү үр дүнд суурилсан, шаталсан тогтолцоонд шилжүүлж, сурагчдын хэлний хэрэглээ, бодит амьдралд ашиглах чадварыг хөгжүүлэхэд онцгойлон анхаарч байна. Үүний зэрэгцээ байгалийн ухааны хичээлүүдийн суурь болох математикийн сургалтыг чанаржуулах зорилт дэвшүүлж, сурагчдын логик сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадварыг системтэй хөгжүүлэхэд чиглэсэн арга зүйг үе шаттайгаар нэвтрүүлнэ. Мөн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, багшлах арга зүй, сурагчдын ахиц дэвшлийг бүх түвшинд дахин оношилж, хэмжих нэгж, хүрэх үр дүнг тодорхойлон тогтоож байна.

Үүнтэй уялдуулан гэрийн даалгаврын менежментийг сайжруулж, сурагчийн бие даан суралцах чадварыг дэмжих системийг бүрдүүлэхийн зэрэгцээ бага ангийн сургалтыг үе шаттайгаар босоо тогтолцоонд шилжүүлэх, дунд болон ахлах ангид элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх нэгдсэн, цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр тусгалаа. Энэхүү хөтөлбөрийн шинэчлэлийн зорилго нь сурагч бүрийг зөвхөн мэдлэг эзэмшсэн төдийгүй сэтгэн бодох, өөрийгөө хөгжүүлэх, амьдралд хэрэгжүүлэх чадвартай, зөв хандлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд оршино.

12 стратеги зорилт

  1. 01Цөм хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөг дахин оновчилно
  2. 02Бага ангийн сургалтыг мэргэшсэн багшийн тогтолцоонд шилжүүлнэ
  3. 03Математикийн сургалтын чанараараа улсын хэмжээнд тэргүүлэх гүйцэтгэлтэй сургууль болно
  4. 04Англи хэлний сургалтын чанараараа улсын хэмжээнд тэргүүлэх гүйцэтгэлтэй сургууль болно
  5. 05Япон хэлний сургалтын чанараараа улсын хэмжээнд тэргүүлэх гүйцэтгэлтэй сургууль болно
  6. 06Гадаад хэлний сургалтын чанарыг хангах хүний нөөцийн чадавхийг бэхжүүлнэ
  7. 07Гэрийн даалгаврын ачааллын менежментийг шинэчлэн тогтооно
  8. 08Хөнгөн цүнх хөтөлбөр хэрэгжүүлнэ
  9. 09Бага ангийн хөтөлбөрийг хөгжүүлэх цагаар өргөтгөнө
  10. 10Нийгмийн оролцоо, хариуцлагыг хөгжүүлэх тогтолцоотой сургууль болно
  11. 11Судалгаа, туршилтад суурилсан арга зүйг үе шаттайгаар хөтөлбөрт нэвтрүүлнэ
  12. 12Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх хөтөлбөрийг шинэчлэн хэрэгжүүлнэ
Биологийн лабораторийн хичээл

Сургалтын орчин

Сургалтын орчны шинэчлэл

Дотоод орчны хүрээнд сургалтын хэвийн үйл ажиллагааг дэмжих засвар үйлчилгээ, тохижилтын ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхийн зэрэгцээ анги танхимын гэрэлтүүлэг, агааржуулалтын асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр төлөвлөж байна. Сурагчдын хараа, төвлөрөл, суралцах бүтээмжид шууд нөлөөлдөг гэрлийн стандарт, цэвэр агаарын орчинг бүрдүүлэх нь бидний хувьд энгийн нэг засвар биш, харин сургалтын чанарын суурь нөхцөл гэж үзэж байна. Мөн анги танхимын дотоод зохион байгуулалт, суудлын шийдлийг сайжруулж, сурагч бүрийн суралцахад таатай, анхаарал төвлөрөх орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч байна.

Үүний зэрэгцээ сургуулийн дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд спорт заал болон хичээлийн байрны өргөтгөлийн төлөвлөгөөг боловсруулж, зураг төслийн ажлыг эхлүүлээд байна. Спорт заал нь зөвхөн биеийн тамирын хичээлд бус, сурагчдын хамтын ажиллагаа, сахилга бат, багийн соёлыг төлөвшүүлэх чухал орчин болох тул стандарт шаардлагад нийцсэн, олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой байдлаар төлөвлөгдөж байна. Мөн хичээлийн байрны өргөтгөлөөр анги танхимын хүрэлцээг нэмэгдүүлж, сургалтын урсгалыг илүү оновчтой зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлнэ.

Сургалтын орчны шинэчлэл, өргөтгөлийг бүрэн хэрэгжүүлснээр сургуулийн сургалт, спорт, хичээлээс гадуурх үйл ажиллагааны чанар мэдэгдэхүйц сайжирна. 1–4 дүгээр ангийн сурагчид ээлжгүй хичээллэх боломж бүрдэж, сурагч бүр өөрийн тогтсон анги танхим, хадгалах орчинтой болох нь өдөр тутмын ачааллыг бууруулж, ялангуяа бага ангийн хүүхдүүдийн цүнхний жинг багасгах бодит шийдэл болно. Үүнээс гадна лаборатори, тусгай зориулалтын танхимуудыг үе шаттайгаар нэмэгдүүлснээр туршилт, дадлагад суурилсан сургалт өргөжин, сурагчдын мэдлэгийг практикт хэрэгжүүлэх боломж нэмэгдэж, сургалтын чанарт бодит, тогтвортой ахиц гарна.

6 стратеги зорилт

  1. 01Анги, танхим бүрийн дуу чимээ тусгаарлалт, гэрэлтүүлэг, агааржуулалтыг шинэчилж сайжруулна
  2. 02Спорт тоглоомын төрлүүдийг хөгжүүлэх сургалтын орчин бүрдүүлнэ
  3. 03Бага ангийн хичээлийг ээлжгүйгээр зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлнэ
  4. 04Давтлага, туршилт хийх анги, танхимын тоог нэмэгдүүлнэ
  5. 05Дижитал болон интерактив сургалтын хэрэглэгдэхүүн, арга зүйг хөтөлбөрт үе шаттайгаар нэвтрүүлнэ
  6. 06Дижитал сургалтын орчин болон технологийн дэд бүтэц бүрдүүлнэ
Төрийн дуулал дуулж буй сурагчид

Амьдралын боловсрол

Амьдралын боловсролын хөтөлбөр

Амьдралын боловсрол олгох хөтөлбөр нь манай сургуулийн сургалтын бодлогын салшгүй хэсэг бөгөөд бид үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн сурагчдыг зөв хүн болгон төлөвшүүлэх зорилгоор өдөр тутмын үйл ажиллагаа, сургуулийн соёл, дадал хэвшлээр дамжуулан хэрэгжүүлж ирсэн. Харин 2024 оноос эхлэн энэхүү ажлыг сургуулийн үндсэн философитой уялдуулан илүү системтэй, зорилготой байдлаар хөгжүүлж, “Амьдралын боловсрол” хэмээх бие даасан хөтөлбөр болгон үе шаттайгаар нэвтрүүлж эхэлсэн билээ.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд бид сурагчдыг зөвхөн академик мэдлэгтэй төдийгүй амьдралд өөрийгөө авч явах чадвартай, зөв хандлагатай хүн болгон төлөвшүүлэхийг зорьж байна. Иймээс хувь хүний өдөр тутмын амьдралд зайлшгүй шаардлагатай мэдлэг, чадваруудыг нэгтгэн тодорхойлж, сургуулийн билгэдэл болсон “Их найман эрдэм”-тэй уялдуулан боловсрууллаа. Үүнд: эрүүл мэнд, харилцаа, сэтгэлзүй, санхүү, ёс зүй, иргэний оролцоо, цахим хэрэглээ, карьер төлөвлөлт гэсэн найман чиглэл багтах бөгөөд эдгээрийг сурагчдын нас, хөгжлийн онцлогт тохируулан шаталсан байдлаар заахаар төлөвлөгдсөн болно.

Ирэх хичээлийн жилээс эхлэн энэхүү хөтөлбөрийг хичээлийн цагт албан ёсоор нэвтрүүлж, онолын мэдлэгийг дадал, хандлагатай уялдуулсан практик сургалтын хэлбэрээр хэрэгжүүлнэ. Үүнтэй холбоотойгоор хөтөлбөрийн агуулга, арга зүй, үнэлгээний систем, багшийн бэлтгэлийг цогцоор нь төлөвлөж, хэрэгжилтийн явцад хэмжих шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлж стратеги төлөвлөгөөндөө тусгалаа. Энэхүү хөтөлбөрийн үр дүнд сурагчид өөрийгөө ойлгодог, бусдыг хүндэлдэг, нийгэмд зөв оролцдог, ирээдүйгээ төлөвлөх чадвартай бие даасан хувь хүн болон төлөвшинө.

8 стратеги зорилт

  1. 01Амьдралын боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн практик мэдлэг олгоно
  2. 02Амьдралын боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд харилцааны практик мэдлэг олгоно
  3. 03Амьдралын боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд сэтгэлзүйн практик мэдлэг олгоно
  4. 04Амьдралын боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн практик мэдлэг олгоно
  5. 05Амьдралын боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд ёс зүйн практик мэдлэг олгоно
  6. 06Амьдралын боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд иргэний оролцооны практик мэдлэг олгоно
  7. 07Амьдралын боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд цахим практик мэдлэг олгоно
  8. 08Амьдралын боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд карьер төлөвлөлтийн практик мэдлэг олгоно

Сургуулийн хөгжил гэж юу вэ

Бидний хувьд сургуулийн хөгжил гэдэг нь хүүхдийн суралцах чанар, багшийн хөгжил, эцэг эхийн оролцоо, сургалтын орчин, байгууллагын соёл, хариуцлага, ирээдүйн чиглэлийг хамтад нь шинэчлэх урт хугацааны ажил юм.

Бид хүүхэд бүрийг зөвхөн шалгалтад бэлтгэх бус, амьдралд бэлтгэх сургууль байхыг хүсэж байна. Бид зөвхөн өнөөдрийн сургуулийг ажиллуулах бус, ирэх 5 жилд илүү чанартай, илүү тогтвортой, илүү хариуцлагатай, илүү хүүхэд төвтэй сургууль болохыг зорьж байна.

Хэрэгжилт нь юунаас хамаарах вэ

Эдгээр зорилт бүр нэг өдөр, нэг улиралд бүрэн хэрэгжих ажил биш. Хэрэгжилт нь тухайн үеийн санхүүгийн боломж, хүний нөөц, барилга байгууламжийн нөхцөл, эрх зүйн орчин, хамтын ажиллагаа, эцэг эхийн дэмжлэг зэрэг олон хүчин зүйлээс хамаарна.

Гэхдээ бид нэг зүйлийг тодорхой хэлж чадна — сургууль дараагийн шатны хөгжлөө тохиолдлын байдлаар бус, тодорхой зорилт, хэмжигдэхүйц үзүүлэлт, үе шаттай төлөвлөлт, нээлттэй мэдээлэлд суурилан хэрэгжүүлэхээр зорьж байна.

Санамж

Уудам Монгол сургуулийн энэхүү стратеги төлөвлөгөө нь ирэх 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх зорилго, чиглэлийг тодорхойлсон дотоод бодлогын баримт бичиг бөгөөд аливаа маркетингийн зорилготой сурталчилгааны материал биш болно.

Төлөвлөгөөнд тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд сургуулийн баг хамт олон өөрсдийн нөөц боломж, хүний нөөц, санхүүгийн чадавхыг бүрэн дайчлан, тасралтгүй сайжруулалтын зарчмаар хичээн ажиллах болно.

Гэвч энэхүү стратеги төлөвлөгөө нь заавал биелэгдэх баталгаа, хууль эрх зүйн үүрэг хариуцлага үүсгэх амлалт гэж ойлгогдохгүй бөгөөд хэрэгжилт нь гадаад, дотоод орчны нөхцөл байдал, боломж, нөөцөөс хамааран өөрчлөгдөх боломжтойг онцлон тэмдэглэж байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн аливаа шийдвэр гаргахдаа зөвхөн энэхүү баримт бичигт тулгуурлах бус, бусад сургуулиудтай харьцуулан, өөрийн хэрэгцээ, үнэт зүйлд нийцсэн бие даасан, хариуцлагатай шийдвэр гаргахыг уриалж байна.