
UM KIZUNA САГСАН БӨМБӨГИЙН КЛУБЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЖ БАЙНА
Уудам Монгол Сургуулийн стратеги төлөвлөгөөнд тусгагдсан спортын тоглоом, төрлүүдийг хөгжүүлэх ажлын хүрээнд сургуулийн UM KIZUNA САГСАН БӨМБӨГИЙН КЛУБ үйл ажиллагаагаа албан ёсоор эхлэж, клубын багш, дасгалжуулагчаар Б.Өлзийбаттай өнөөдөр албан ёсоор гэрээгээ байгууллаа.
Б.Өлзийбат багш нь 2018 оноос хойш сагсан бөмбөгийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа бөгөөд:
• Улсын аварга шалгаруулах тэмцээний шилдэг дасгалжуулагчаар нийт 11 удаа шалгарсан
• Үндэсний дээд лигийн “Өмнөговийн Ёлууд” багийн ахлах дасгалжуулагчаар ажилласан
• U11, U12, U13, U14 насны ангиллын шигшээ багуудын дасгалжуулагчаар ажилласан туршлагатай.
Клубын зорилго нь зөвхөн сагсан бөмбөг тоглож сургах бус, хүүхдийг нас, ур чадварын түвшинд нь тохируулан системтэй хөгжүүлж, цаашид сургуулийн шигшээ багт тоглох чадвартай тамирчдыг багаас нь бэлтгэхэд оршино.
Клубын дэргэдэх сагсан бөмбөгийн дугуйлан 9 дүгээр сарын 14-нөөс эхэлж, ДОЛОО ХОНОГТ 3 ӨДӨР тогтмол хичээллэх ба бүртгэлийн линкийг өнгөрсөн долоо хоногт эцэг эхийн бүртгэлтэй мэйлрүү илгээсэн.
Бэлтгэлийн нэг өдрийг сургуулийн шигшээ багийн тамирчидтай хамтран хийхээр төлөвлөсөн. Ингэснээр дугуйлангийн сурагчид зөвхөн дасгал сургуулилалт хийхээс гадна өөрөөсөө ахисан түвшний тоглогчидтой хамт бэлтгэл хийж, багийн тоглолт, сахилга бат, бэлтгэлийн соёлоос суралцах боломжтой болно.
Бид сургуулийн спортын үйл ажиллагааг зөвхөн тэмцээн болох үед баг бүрдүүлдэг хэлбэрээр бус,
ДУГУЙЛАН → СИСТЕМТЭЙ БЭЛТГЭЛ → СУРГУУЛИЙН ШИГШЭЭ БАГ → ӨНДӨР ТҮВШНИЙ ТЭМЦЭЭН, ЦААШДЫН БОЛОМЖ
гэсэн шаталсан тогтолцоогоор хөгжүүлэхийг зорьж байна.
Энэ нь Уудам Монгол сургуулийн стратеги төлөвлөгөөний хүрээнд хүүхэд бүрийн авьяас, сонирхлыг нээн хөгжүүлэх, хичээл сургалтыг спортын хөгжилтэй хослуулах зорилгоор хэрэгжүүлж буй ажлуудын нэг юм.
Сагсан бөмбөгөөр дамжуулан хүүхдүүд маань зөвхөн техник, ур чадвар эзэмших бус багаар ажиллах, өөрийгөө дайчлах, сахилга баттай байх, ялалт ялагдлыг зөв хүлээн авах, зорилгынхоо төлөө тууштай хөдөлмөрлөх дадалд суралцахыг бид хүсэж байна.
УУДАМ МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН ШИНЭ ҮЕ ЭНДЭЭС ЭХЭЛНЭ.
ТАНЫ ХҮҮХДИЙН МӨРӨӨДӨЛ ЮУ ВЭ?



