
Мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд Маэгаширагийн 1-д эрэмбэлэгдэн барилдаж байсан Токүсэгава Б.Ганболдын нэрэмжит «TOKUSEGAWA U-15 SUMO CUP» өсвөрийн сумо бөхийн Монгол Улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд Уудам Монгол сургуулийн сумо бөхийн клубын тамирчид амжилттай оролцлоо.
Тэмцээний дунд насны ангилалд нийт 20 тамирчин оролцож, дөрвөн зоонд хуваагдан тойргийн журмаар барилдсан бөгөөд зоон тус бүрээс хоёр тамирчин шалгарч, шилдэг найман бөхийн финалын тойргийн барилдаанд өрсөлдлөө.
Шигшээ барилдаанд манай сургуулийн хоёр сурагч шалгарч, дараах амжилтыг үзүүллээ.
8Б ангийн сурагч Н.Түвшинсайхан 7 барилдаанд бүгдэд нь ялж, нэг ч удаа ялагдалгүйгээр алтан медаль хүртлээ.
9Б ангийн сурагч О.Эрхэмбаяр 7 барилдаанаас 6-д нь ялж, мөнгөн медаль хүртлээ.
Ийнхүү шилдэг найман тамирчны тойргийн барилдаанд Уудам Монгол сургуулийн хоёр сурагч тэргүүн болон дэд байрыг эзэллээ.
Өдөр бүрийн бэлтгэл, сахилга бат, тэвчээр, өөрийгөө дайчлах чадвар тэмцээний дэвжээн дээр бодит үр дүн болж байгаагийн нэг илрэл юм.
Н.Түвшинсайхан гурван жилийн өмнө Япон улсад суралцах зорилго тавьж, сумо бөхөөр хичээллэхээр манай сургуульд элссэн. Тэрээр энэ хичээлийн жилийн эхэнд Японы сургуулиас тэтгэлэгтэй суралцах албан ёсны урилга хүлээн авсан билээ.
Тамирчин хоёр сурагчдадаа баяр хүргэж, цаашдын сурлага, спортын замналд нь улам их амжилт хүсье. Мөн тэмцээнд оролцсон нийт тамирчид, тэднийг дэмжсэн гэр бүл, багш, дасгалжуулагч нартаа талархал илэрхийлье.



