
Уудам Монгол сургууль дунд хугацааны «UUDAM MONGOL 3.0» стратеги төлөвлөгөөнийхөө хүрээнд Хөтөлбөр, Орчин, Хүний нөөцийн олон шинэчлэлийг эхлүүлээд байна.
Үүний нэг нь өдөр тутмын амьдралд шаардлагатай найман чиглэлийн мэдлэгийг олгох зорилготой «Амьдралын боловсрол» хөтөлбөр юм.
Найман чиглэлтэй энэхүү хөтөлбөрийн онцлог нь хүүхэд нас, түвшиндээ тохирсон агуулгаар өдөр тутмын амьдралд хэрэгтэй мэдлэгээ бодит сонголт, дадал, чадвар болгон хөгжүүлэхэд оршино.
Өөрийгөө ойлгодог, бусадтай зөв харилцдаг, бие дааж шийдвэр гаргадаг, хариуцлагатай хүн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэхийг бид зорьж байна.
Сэтгэл зүйн мэдлэг
«Би яг одоо юу мэдэрч байна вэ?»
Найздаа гомдох, бодлогоо бодож чадаагүйдээ бухимдах, ангийнхаа өмнө ярихдаа сандрах. Хүүхдийн өдөр тутамд олон янзын мэдрэмж төрдөг. Тэр мэдрэмжээ таньж, үгээр илэрхийлж, дараа нь яахаа бодож сурах нь өөрийгөө ойлгох нэг алхам юм.
Хүүхдүүд нас, түвшиндээ тохирсон агуулгаар өөрийн мэдрэмжийг анзаарч, нэрлэж сурах, сэтгэл хөдлөл хүчтэй үед түр зогсож, тайван амьсгалан дараагийн үйлдлээ бодох, мэдрэмжээ өөртөө болон бусдад аюулгүй байдлаар илэрхийлж, бусдын мэдрэмжийг хүндэтгэх, хэцүү санагдсан үед эцэг эх, багш зэрэг итгэдэг том хүнээс тусламж хүсэхэд суралцана.
Бид хүүхэд өөрийн мэдрэмжийг ойлгодог, бусдын мэдрэмжийг хүндэтгэдэг, хариу үйлдлээ бодож сонгодог, хэрэгтэй үедээ тусламж хүсэж чаддаг хүн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэхийг зорьж байна.
Өөрийгөө ойлгох эхлэл нь мэдрэмжээ анзаарч, ярьж сурахаас эхэлдэг. Гэртээ хүүхэдтэйгээ өдрийнх нь талаар ярилцаад үзээрэй: «Өнөөдөр чамд ямар мэдрэмж төрсөн бэ? Тэр үед чамд юу хэрэгтэй байсан бэ?»



