
Уудам Монгол сургууль дунд хугацааны «UUDAM MONGOL 3.0» стратеги төлөвлөгөөнийхөө хүрээнд Хөтөлбөр, Орчин, Хүний нөөцийн олон шинэчлэлийг эхлүүлээд байна.
Үүний нэг нь өдөр тутмын амьдралд шаардлагатай найман чиглэлийн мэдлэгийг олгох зорилготой «Амьдралын боловсрол» хөтөлбөр юм.
Найман чиглэлтэй энэхүү хөтөлбөрийн онцлог нь хүүхэд нас, түвшиндээ тохирсон агуулгаар өдөр тутмын амьдралд хэрэгтэй мэдлэгээ бодит сонголт, дадал, чадвар болгон хөгжүүлэхэд оршино.
Өөрийгөө ойлгодог, бусадтай зөв харилцдаг, бие дааж шийдвэр гаргадаг, хариуцлагатай хүн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэхийг бид зорьж байна.
Санхүүгийн мэдлэг
«Хэрэгтэй юу, авмаар байна уу?»
Дэлгүүрт харсан тоглоом, хичээлдээ хэрэглэх дэвтэр, найзтайгаа идэх зайрмаг. Хүүхдийн өдөр тутамд олон жижиг сонголт гардаг. Тэр сонголтынхоо өмнө түр бодож, хэрэгцээ болон хүслээ ялгаж сурах нь санхүүгийн мэдлэгийн эхлэл юм.
Хүүхдүүд нас, түвшиндээ тохирсон агуулгаар хэрэгцээ болон хүслээ ялгах, байгаа мөнгөө төлөвлөж юунд түрүүлж зарцуулахаа бодох, зорилго тавьж бага багаар хуримтлуулах, эд зүйлээ гамнаж бусдын хөдөлмөрийг үнэлэхэд суралцана.
Бид хүүхэд сонголтоо бодож хийдэг, шийдвэрийнхээ учрыг тайлбарлаж чаддаг, мөнгө болон эд зүйлдээ хариуцлагатай ханддаг хүн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэхийг зорьж байна.
Өнөөдрийн жижиг сонголт маргаашийн дадал болдог. Гэртээ хүүхэдтэйгээ нэг худалдан авалтын тухай ярилцаад үзээрэй: «Чамд энэ яагаад хэрэгтэй санагдсан бэ?»



