
Уудам Монгол сургууль дунд хугацааны «UUDAM MONGOL 3.0» стратеги төлөвлөгөөнийхөө хүрээнд Хөтөлбөр, Орчин, Хүний нөөцийн олон шинэчлэлийг эхлүүлээд байна.
Үүний нэг нь өдөр тутмын амьдралд шаардлагатай найман чиглэлийн мэдлэгийг олгох зорилготой «Амьдралын боловсрол» хөтөлбөр юм.
Найман чиглэлтэй энэхүү хөтөлбөрийн онцлог нь хүүхэд нас, түвшиндээ тохирсон агуулгаар өдөр тутмын амьдралд хэрэгтэй мэдлэгээ бодит сонголт, дадал, чадвар болгон хөгжүүлэхэд оршино.
Өөрийгөө ойлгодог, бусадтай зөв харилцдаг, бие дааж шийдвэр гаргадаг, хариуцлагатай хүн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэхийг бид зорьж байна.
Харилцааны мэдлэг
«Би ярьж чадна. Харин сонсож чаддаг уу?»
Найзынхаа яриаг дуустал сонсох, ойлгоогүй зүйлээ асуух, санал зөрсөн үедээ бодлоо тайван хэлэх. Хүүхдийн өдөр тутмын харилцаанд эдгээр чадвар хэрэг болдог. Өөрийгөө ойлгуулж, бусдыг ойлгохын тулд ярьж, сонсож, хамтдаа шийдэл олоход суралцах нь чухал.
Хүүхдүүд нас, түвшиндээ тохирсон агуулгаар бусдын яриаг таслалгүй сонсож, ойлгосноо тодруулах, өөрийн бодол, хүсэлт, санал зөрж буй шалтгаанаа хүндэтгэлтэй илэрхийлэх, бусадтай хамтран ажиллаж, ээлжээ хүлээж, тохиролцоогоо биелүүлэх, үл ойлголцлыг ярилцаж шийдэх, шаардлагатай үед тусламж хүсэхэд суралцана.
Бид хүүхэд бусдыг сонсдог, өөрийн бодлыг ойлгомжтой илэрхийлдэг, ялгаатай саналыг хүндэтгэдэг, хамтран ажиллаж чаддаг хүн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэхийг зорьж байна.
Сайн харилцаа бие биеэ сонсохоос эхэлдэг. Гэртээ хүүхэдтэйгээ ээлжлэн ярьж, нэгнийхээ яриаг дуустал сонсоод үзээрэй. «Би чиний хэлснийг зөв ойлгосон уу?» гэж асууж ярилцаарай.



