
Уудам Монгол сургууль дунд хугацааны «UUDAM MONGOL 3.0» стратеги төлөвлөгөөнийхөө хүрээнд Хөтөлбөр, Орчин, Хүний нөөцийн олон шинэчлэлийг эхлүүлээд байна.
Үүний нэг нь өдөр тутмын амьдралд шаардлагатай найман чиглэлийн мэдлэгийг олгох зорилготой «Амьдралын боловсрол» хөтөлбөр юм.
Найман чиглэлтэй энэхүү хөтөлбөрийн онцлог нь хүүхэд нас, түвшиндээ тохирсон агуулгаар өдөр тутмын амьдралд хэрэгтэй мэдлэгээ бодит сонголт, дадал, чадвар болгон хөгжүүлэхэд оршино.
Өөрийгөө ойлгодог, бусадтай зөв харилцдаг, бие дааж шийдвэр гаргадаг, хариуцлагатай хүн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэхийг бид зорьж байна.
Эрүүл мэндийн мэдлэг
«Би өнөөдөр өөртөө хэрхэн анхаарах вэ?»
Өглөөний цайгаа уух, хооллохын өмнө гараа угаах, тоглож хөдөлсний дараа амрах, орой унтахдаа дэлгэцээ тавих. Өдөр тутмын энгийн үйлдлүүдээс өөрийн бие, эрүүл мэндэд анхаарах дадал эхэлдэг. Хүүхэд эдгээрийг яагаад хийх хэрэгтэйг ойлгож, өөрөө хэрэгжүүлж сурах нь чухал.
Хүүхдүүд нас, түвшиндээ тохирсон агуулгаар хувийн ариун цэврээ сахиж, өдөр тутмын арчилгаагаа хэвшүүлэх, хооллолт, хөдөлгөөн, нойр, амралтын ач холбогдлыг ойлгох, өөрийн биеийн байдлыг анзаарч, өвдөх, тавгүйрхэх үедээ итгэдэг том хүн болон эмчид хэлэх, өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалах сонголт, аюулгүй дадалд суралцана.
Бид хүүхэд биеийнхээ хэрэгцээг анзаардаг, өөртөө анхаарал тавьдаг, эрүүл мэндтэй холбоотой өдөр тутмын сонголтдоо хариуцлагатай ханддаг, шаардлагатай үед тусламж хүсэж чаддаг хүн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэхийг зорьж байна.
Өөртөө анхаарах нь өдөр бүрийн жижиг дадлаас эхэлдэг. Гэртээ хүүхэдтэйгээ нэг дадлаа сонгоод ярилцаарай: «Өөртөө анхаарахын тулд өнөөдрөөс юуг хамтдаа хэвшүүлэх вэ?»



