
Уудам Монгол сургуулийн шилжин суралцах хөтөлбөрийн 7 дахь ээлжид хамрагдсан 12 сурагчийн Япон улсын Мэитокү Гижүкү сургуульд суралцахад шаардлагатай оршин суух зөвшөөрлийн гэрчилгээ буюу COE олгогдлоо. Одоо виз мэдүүлэх болон Япон улсад суралцах бэлтгэлийн дараагийн шатандаа орж байна.
Шинэ орчинд суралцана гэдэг зөвхөн хичээлээ үзэхээс гадна бие дааж амьдрах, цаг хугацаагаа зөв зохицуулах, бусадтай хамтран ажиллах, өөрийн сонголтдоо хариуцлагатай хандаж сурах чухал алхам юм.
Сурагчиддаа сурлагын өндөр амжилт хүсье. Өдөр бүрийн хичээл зүтгэлээрээ мэдлэг, чадвараа ахиулж, бие биеэ дэмжин, зорилгынхоо төлөө тууштай суралцаарай. Сургуулийнхаа болон эх орныхоо нэрийг сайнаар дуурсгаж явахыг хүсэн ерөөе.
Хүүхдийнхээ ирээдүйн төлөө бидэнд итгэл хүлээлгэн, бэлтгэл ажлын турш хамтран ажиллаж буй эцэг эхчүүддээ талархал илэрхийлье. Та бүхний дэмжлэг хүүхдүүдийн шинэ орчинд дасан зохицож, амжилттай суралцахад чухал түшиг болно.
Шинэ мэдлэг, шинэ туршлагаар дүүрэн суралцах замд нь амжилт хүсье!



