
Уудам Монгол сургууль Япон улсын Кобэ Шинва их сургуультай төгсөгчдөө тусгай элсэлтийн нөхцөлөөр бакалаврын хөтөлбөрт суралцуулах хамтын ажиллагааны гэрээг албан ёсоор байгууллаа.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд манай төгсөгчид дараах дөрвөн чиглэлээр суралцах боломжтой:
• Олон улсын соёл судлал
• Сэтгэл судлал
• Боловсрол судлал
• Спортын боловсрол
Гэрээний гол нөхцөл нь манай сургуулиас нэр дэвшиж, япон хэлний N2 буюу түүнтэй дүйцэх түвшин болон их сургуулийн элсэлтийн шаардлагыг хангасан төгсөгчид сургалтын төлбөрийн 60 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах боломж юм. Энэхүү тэтгэлэг нь их сургуулийн сурлагын шаардлагыг хангасан нөхцөлд дөрөв хүртэлх жил үргэлжилнэ.
Харин элсэх үедээ N1 түвшинтэй бол эхний жилийн сургалтын төлбөрийг 100 хувь, дараагийн гурван жилийн сургалтын төлбөрийг сурлагын шаардлага хангасан нөхцөлд 60 хувь хөнгөлнө. Мөн элсэлтийн хураамжийг 50 хувь хөнгөлөхөөр тусгасан.
Энэхүү хамтын ажиллагаа нь төгсөгчдийн цаашдын суралцах замыг илүү тодорхой болгож буй нэг алхам юм.
Хамтран ажиллаж буй Кобэ Шинва их сургуулийн удирдлага, багш хамт олонд талархал илэрхийлье.



