
Уудам Монгол сургууль дунд хугацааны “UUDAM MONGOL 3.0” стратеги төлөвлөгөөнийхөө хүрээнд Хөтөлбөр, Орчин, Хүний нөөцийн олон шинэчлэлийг эхлүүлээд байна.
Үүний нэг нь өдөр тутмын амьдралд шаардлагатай найман чиглэлийн мэдлэгийг олгох зорилготой “Амьдралын боловсрол” хөтөлбөр юм.
Найман чиглэлтэй энэхүү хөтөлбөрийн онцлог нь хүүхэд нас, түвшиндээ тохирсон агуулгаар өдөр тутмын амьдралд хэрэгтэй мэдлэгээ бодит сонголт, дадал, чадвар болгон хөгжүүлэхэд оршино. Өөрийгөө ойлгодог, бусадтай зөв харилцдаг, бие дааж шийдвэр гаргадаг, хариуцлагатай хүн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэхийг зорьж байна.
Ёс зүйн мэдлэг
“Хэн ч хараагүй байсан ч би яах вэ?”
Шалан дээрээс олсон мөнгө, санамсаргүй эвдсэн найзын эд зүйл, тоглоомын үеэр гаргасан алдаа. Хүүхдийн өдөр тутамд үнэнээ хэлэх үү, нуух уу, өөртөө үлдээх үү, эзэнд нь өгөх үү гэсэн сонголт гардаг. Сонголт нь бусдад хэрхэн нөлөөлөхийг бодож, хийсэн үйлдэлдээ хариуцлагатай хандаж сурах нь ёс зүйн мэдлэгийн эхлэл юм.
Хүүхдүүд нас, түвшиндээ тохирсон агуулгаар үнэнч шударга байж, сонголтынхоо учрыг тайлбарлах, бусдын эрх, эд зүйл, хөдөлмөрийг хүндэтгэх, амласнаа биелүүлж хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээх, алдаагаа хүлээн зөвшөөрч уучлал хүсэх, засаж залруулахад суралцана.
Бид хүүхэд өөрийн үйлдлийг бусдын байр сууринаас бодож үздэг, хэн нэгэн шаардаагүй үед ч шударга сонголт хийхийг хичээдэг, алдаагаа засах хариуцлагатай хүн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. Өдөр тутмын жижиг үйлдлээс итгэл бий болдог.
Гэртээ хүүхэдтэйгээ нэг нөхцөл төсөөлөн ярилцаад үзээрэй: “Чи найзынхаа эд зүйлийг санамсаргүй эвдчихвэл яах вэ? Яаж засаж болох бол?”



