НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН
УУДАМ МОНГОЛ ЭДҮКЭЙШН СУРГУУЛЬ
СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1 Энэхүү журмын үндсэн зорилго нь Монгол Улсын Үндсэн Хууль, Иргэний хууль, Боловсролын тухай хууль, Бага Дунд боловсролын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, Нийслэлийн Ерөнхий Боловсролын Уудам Монгол Эдүкэйшн сургууль /Цаашид Сургууль/-ийн дотоод дүрэм журмын дагуу Сургуульд элсэн суралцагчдын төлбөр тооцоотой холбоотой үйл ажиллагаа, харилцааг зохицуулахад оршино.
1.2 Энэхүү журам нь батлагдсан өдрөөс хүчин төгөлдөр үйлчлэх ба зөвхөн Сургуулийн дотоод хэрэгцээнд ашиглана.
1.3 Журамд цаг үеийн нөхцөл байдалтай уялдан Сургуулийн захиралын тушаалаар өөрчлөлт оруулж болно.
ХОЁР. СУРГАЛТЫН ҮНДСЭН БОЛОН БУСАД ТӨЛБӨР, ХУРААМЖ
2.1 Сургууль нь элсэн суралцагчдад боловсролын үйлчилгээг хууль тогтоомж болон холбогдох тусгай зөвшөөрөл, Сургуулийн Сургалтын үйл ажиллагааны дүрэмд заасаны дагуу тодорхой заасан төлбөртэйгөөр үзүүлэх ба төлбөр нь Үндсэн төлбөр болон Бусад төлбөр хураамжаас бүрдэнэ .
2.2 Үндсэн төлбөрт сургуулиас холбогдох хууль тогтоомж, тусгай зөвшөөрөлд заасан Бага, Суурь болон Бүрэн дунд боловсролын хөтөлбөрийн зардал багтах ба төлбөрийн хэмжээг Үүсгэн байгуулагч эсвэл Удирдах зөвлөл хичээлийн жил эхлэхээс өмнө тогтооно.
2.3 Бусад төлбөр хураамжид элсэлтийн хураамж, автобус унаа, өдрийн хоол, дүрэмт хувцас, клуб дугуйлан, гадаад хамтарсан хөтөлбөр, шинэ элсэгчид зориулсан хоцрогдол арилгах нэмэлт давтлага, сургуулиас албан ёсоор зохион байгуулах соёл урлаг спорт, нийгмийн арга хэмжээнүүд, хичээлээс гадуурх танин мэдэхүй, мэргэжлийн чиг баримжаа олгох хөтөлбөрүүд гэх мэт сургуулийн онцлогт тохируулан нэвтрүүлсэн болон бусад гадны гэрээт байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх боловсролын туслах үйлчилгээний зардлууд багтана.
ГУРАВ. ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ
3.1 Шинэ элсэгч нь сургуулиас тогтоосон элсэлтийн хураамжийг заавал төлөх ба элсэлтийн хураамжид элсэлтийн үйл ажиллагааны болон сурагчийн цахим үйлчилгээний эхний жилийн зардал багтана. Элсэлтийн хураамж нь ямарч тохиолдолд буцаан олгогдохгүй.
3.2 Сургалтын Үндсэн төлбөрийг хичээлийн жилийн эхлэхээс өмнө буюу жил бүрийн 8-р сарын 20ний дотор эсвэл сурагчийн шилжин ирсэн өдөр Сургуулийн захиргаа болон эцэг эх хоорондын байгуулсан гэрээний дагуу төлж барагдуулах ба гэрээнд төлбөрийн хэмжээ, нөхцөл, хөнгөлөлтийн хувь зэргийг нарийвчлан тодорхойлно.
3.3 Сургалтын төлбөрийг эцэг эхийн хүсэлтийн дагуу тухайн хичээлийн жилийн сүүлийн хагас эхлэхээс өмнө буюу жил бүрийн 1-р сарын 15-ны дотор бүрэн барагдуулсан байх нөхцөлтэйгөөр хуваан төлж болох ба ингэхдээ 3.2 т заасан хугацаанд 50 хүртэл хувийг төлж барагдуулж, үлдэгдэл төлбөрийн төлөх хугацааг гэрээнд нарийвчлан заана.
3.4 Тухайн хичээлийн жилд сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх сурагч хуваан төлөх нөхцөл сонгосон тохиолдолд үндсэн төлбөрийн 50 хүртэл хувийг 3.2-т заасан хугацаанд төлж барагдуулах бөгөөд хөнгөлөлтийг үлдэгдэл төлбөрөөс хасч, 3.3-т зааснын дагуу гэрээнд нарийвчлан тусгана.
3.5 Эцэг эхчүүд хувааж төлөх хүсэлтээ Сургуулиас баталсан өргөдлийн загварын дагуу өгөх ба шаардлагатай бол ажлын газрын тодорхойлолт, орлого нотлох баримтыг хавсаргана.
3.6 Хичээлийн жилийн эхний хагаст шилжин ирсэн сурагчийн Үндсэн төлбөрийг шилжин ирсэн өдрөөр тооцно.
3.7 Хичээлийн жилийн эхний хагас жил дууссанаас хойш шилжин ирсэн сурагчид 3.3 болон 3.5-д заасан нөхцөл үйлчлэхгүй бөгөөд тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 60 хувийг төлнө.
3.8 Бусад төлбөр хураамжийг Сургуулийн онцлогт тохируулан боловсруулсан хөтөлбөр болон тухайн боловсролын туслах үйлчилгээг үзүүлэх байгууллагатай хийсэн хамтран ажиллах гэрээнд заасаны дагуу сургуулиас баталж, эцэг эхэд цаг тухайд нь мэдэгдэн нэхэмжлэх ба эцэг эх нь бусад төлбөр хураамжийг шуурхай төлж барагдуулна.
3.9 Сургалтын Үндсэн төлбөр нь ЗГ-ын шийдвэр, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдан өөрчлөгдөж болох ч суралцагч нь анх элссэн жилийнхээ төлбөрөөр тухайн түвшний боловсролыг /бага, суурь, бүрэн дунд/ эзэмштэл үргэлжлүүлэн суралцуулах нөхцлийг сургуулиас хангах зорилт тавина.
3.10 Элссэн жилийн төлбөрөөр үргэлжлүүлэн суралцах нөхцөл /3.9/ нь сургалтын төлбөрөө хүндэтгэх шалтгаангүйгээр гэрээнд заасан хугацаандаа төлж барагдуулахгүй байх, тухайн боловсролын түвшнийг эзэмшиж дуусаад дараагийн түвшинд дэвших, эсвэл эзэмших явцдаа өөр сургуульд шилжсэн тохиолдолд үйлчлэхгүй.
3.11 Сургууль нь 3.9-д заасны дагуу Үндсэн төлбөр нэмэхгүй байх бодлого баримтлах ч Монгол Улсын Засгийн газраас зарласан инфляцийн өсөлттэй уялдуулан бараа бүтээгдхүүний үнийн өсөлт, цалин хөлсний нэмэгдэлтэй уялдуулан тодорхой хэмжээгээр нэмэгдэх шаардлага үүссэн тохиолдолд эцэг эхчүүдэд урьдчилж мэдэгдэх үүрэгтэй.
ДӨРӨВ. ХӨНГӨЛӨЛТ
4.1 Сургуульд элсэн суралцсанаас хойш хичээл сурлага, урлаг, спортын тодорхой амжилтыг үзүүлсэн сурагчийг дараагийн хичээлийн жилийн Үндсэн сургалтын төлбөрөөс дараах байдлаар хөнгөлж урамшуулна.
4.1.1 Улс болон Нийслэлийн төрөлжсөн олимпиадад үзүүлсэн амжилт:
4.1.2 Дүүргийн төрөлжсөн олимпиадад үзүүлсэн амжилт:
4.1.3 Дүүрэг, Нийслэл, Улс, Тив, Дэлхийн хэмжээний боловсрол, урлаг спорт, оюуны уралдаан тэмцээн, нэрэмжит олимпиадад сургуулийн нэрийн өмнөөс оролцож амжилт үзүүлвэл 10-40 хүртэл хувиар хөнгөлөх ба хөнгөлөлтийн хувь хэмжээг Сургуулийн холбогдох шатны хамт олны хурлын шийдвэрийг үндэслэн тогтооно.
ТАВ. БУСАД ЗҮЙЛ
5.1 Төлбөрөө бүрэн эсвэл гэрээний хугацаанд төлж барагдуулсан ч хүндэтгэх шалтгааны улмаас шилжих болсон Сурагчийн илүү төлсөн төлбөрийг тухайн хичээлийн жилийн хичээллэх хоногоор тооцоолон буцаан олгоно.
5.2 Анги дэвшин үргэлжлүүлэн суралцах сурагч нь суудлын баталгаажуулалт болгон хичээлийн жил дуусах сарын 15-ны дотор дараагийн хичээлийн жилийн төлбөрийн 15 хувийг төлнө.
5.3 Сургалтын төлбөрийн 20-оос дээш хувийн хөнгөлөлт эдэлж, хуваан төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан ч хүндэтгэх шалтгаангүйгээр заасан хугацаанаас хоёроос доошгүй удаа хоцорсон тохиолдолд хөнгөлөлт болон хуваан төлөх нөхцлийг хүчингүйд тооцож зөрүүг нэхэмжилнэ.
5.4 Сургалтын төлбөрийн 20-оос дээш хувийн хөнгөлөлт эдэлж байгаа ч хичээлийн жил үргэлжлэх хугацаанд шилжин суралцах болсон тохиолдолд хөнгөлөлтийг хүчингүйд тооцож зөрүүг нэхэмжилнэ.
5.5 Хуваан төлөх нөхцөл сонгосон ч төлбөрөө хоёроос доошгүй удаа заасан хугацаанд төлж барагдуулаагүй сурагч анги дэвшин үргэлжлүүлэн суралцах бол шинээр тогтоогдсон төлбөрөөр гэрээ үргэлжлүүлэн суралцах ба ингэхдээ хуваан төлөх нөхцөлд хамруулахгүй.
— о00о —
© 2025 он. Uudam Mongol. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency